Шагай тоглоом

A- A A+
Шагай тоглоом

Нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ. 

Шагайг хонь, ямааны буюу бог малын, бодын шагай гэж ангилдаг. Харин үхрийн шагайг аргай гэж нэрлэнэ. Мөн шагайг буух байдлаар нь өөр өөрөөр нэрлэдэг.

Үүнд: Бөгтрөөрөө дээш харж унавал хонь, харин хонхор нь дээш чиглэн унавал ямаа, тахираараа дээш харвал тэмээ, шулуунаараа дээш харж буувал морь, харин үзүүр хэсэг нь доош харж, бөөрөнхий нь дээш харж буувал онх гэж тус тус нэрлэнэ. 

Малын шагайг ийнхүү таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хог руу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг.

Малын шагайг ийнхүү таван хошуу малаараа бэлгэдэн дээдэлдэг учир хог руу хаях, гэрийн буурин дээр орхихыг цээрлэдэг. Мөн шагай олбол орхиж байгаад заавал морь буулгаж авдаг.

Монголчууд эртнээс малын шагайгаар олон янзын тоглоом тоглосоор ирсэн.Тухайлбал, Алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх орхих, морь уралдуулах, шагай таалцах, бөгцөг няслах, шагай шүүрэх гэх мэт.

 Шагайгаар хэдэн ч хүн тоглож болох бөгөөд монголчуудын түүхэн уламжлалт, нийтлэг шагайн тоглоомын төрлүүдээс дор дурдъя.  

АЛАГ МЭЛХИЙ ӨРӨХ: 

Үүнийг тоглохын тулд янз бүрийн өнгөтэй шагайгаар алаг мэлхий өрөөд нэгээс арван хоёр нүхтэй шоо орхин, буусан нүхний тоогоор мэлхийнээс авч мэлхий өрсөн шагай дуусахад олон шагай цуглуулсан нь хожно. 

ДӨРВӨН БЭРХ ОРХИХ: 

Зөв эрчтэй дөрвөн (морь тал нь) шагай сонгож авна. Шагайг орхиход хонь, ямаа, морь, тэмээ гэсэн дөрвөн өөр дүрс буухыг дөрвөн бэрх гэнэ.

Тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно. 

Дөрвөн морь - 100 оноо 
Дөрвөн тэмээ -95 оноо 
Дөрвөн бэрх – 80 оноо 
Гурван морь, нэг хонь – 75 оноо 
Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо 
Нэг морь, гурван хонь – 25 оноо 
Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо 
Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол - 2 оноо авна. 
Авсан оноог нэмэхэд нийт 100 болж байвал хожно.

МОРЬ УРАЛДУУЛАХ: 

Олон тооны шагайг морь болгон цувуулан өрнө. Дараа нь ээлжлэн дөрвөн шагайгаа орхиж буусан морины тоогоор өөрийнхөө морийг гараанаас гарган урагшлуулна.

Морь буулгаж чадахгүй бол дараагийн хүн шагайг орхино. Ингэж ээлжлэн орхиж уралдсаар морь нь түрүүлж барианы газар хүрсэн нь хожиж, хоцорсон нь баян ходоод болж шийтгэл хүлээнэ. 

ШАГАЙ ТААЛЦАХ: 

Хүн бүр ижил тоотой шагай хувааж авна. Өөрсдийн шагайнаас тодорхой хэсгийг нууцаар атгаж, тоглож байгаа хүмүүсийн атгаж байгаа шагайтай нийлүүлэн хэдэн шагай байгааг зөв таавал тэр шагайнуудыг авна. Шагайгүй болсон нь хасагдана. Хамгийн сүүлд бүх шагайг цуглуулсан нь хожно. 

ШАГАЙ ШҮҮРЭХ: 

Маш нарийн төмрөөр хэлхэж хийсэн гархийг энэ тоглоомд хэрэглэнэ. Үүнийг тоглохдоо дэвсгэр дээр олон шагайг өрөөд тоглогч хүн гинжин гархийг дээш шидээд эргэж буух хооронд дэвсгэр дээрх шагайнаас тодорхой хэсгийг шүүрч аваад дээрээс бууж буй гархийг барьж авна.

Ингэхдээ гарт атгасан шагайнаасаа унагах, гархиа барьж авч чадахгүй бол тооцдоггүй. Хэрэв алдаа гаргаагүй бол шүүрсэн шагайг өөрөө авч дахин тоглоно. Алдвал дараагийн хүн тоглон газарт байсан шагайг хүмүүс шүүрч дууссан үед бүгд авсан шагайгаа тоолж, хэн олон шагай цуглуулсан хүн хожно. 

МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ /I БОТЬ/ НОМООС БЭЛТГЭВ.

Эх сурвалж: www.ikon.mn