Жуулчдыг татах монгол брэндүүд | www.bloombergtv.mn

A- A A+
Жуулчдыг татах монгол брэндүүд | www.bloombergtv.mn

Жуулчдын хамгийн ихээр худалдан авдаг дотоодын брэндүүдийн тоо, бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдсээр байна. Тухайлбал, Монголд ирсэн жуулчин бүр ноолууран бүтээгдэхүүн сонирхдог болохыг “Говь” компани онцоллоо.

80 гаруй тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй “Говь” компани энэ онд борлуулалтын орлогоо өмнөх оноос 21 хувиар нэмэгдүүлж, 150.4 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөөд байгаа аж. 2017 онд дотоод борлуулалтын 49 хувийг монгол худалдан авагчид, 51 хувийг гадаад худалдан авагчид буюу жуулчдын худалдан авалт бүрдүүлсэн байна. Худалдан авалт хийсэн жуулчдын 67 хувийг БНСУ болон БНХАУ-ын жуулчид эзэлжээ.

Үүнээс гадна “Yalguun Accessories” жуулчдыг сонирхлыг ихээр татаж байна. Торгон алчуураар танигдсан тус брэнд бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлж, хантааз, өмсгөл урладаг болжээ. Түүнчлэн дөрвөн улирал болон үндэсний томоохон тэмдэглэлт баяр ёслолыг тохиолдуулан шинэ цуглуулга танилцуулж, нэг цуглуулгадаа ойролцоогоор 30 орчим загвар оруулдаг байна.

“Mayara брэндийн бүтээгдэхүүнүүд монгол үндэсний уламжлал, өв соёл, түүхээ сурталчлах зорилготой байдаг гэж “Маяара Трейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч мэдээллээ.

“Хатан” коллекцийн цүнх, алчуур, дэвтэр зэрэг бүтээгдэхүүнийг жуулчид хамгийн их сонирхдог байна. Мөн жуулчдыг татах монгол брэндийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тус компанийн удирдлага онцоллоо.

Жуулчдын анхаарлыг татаж буй бас нэг брэнд бол "Наад" брэнд бөгөөд монгол ахуй, нүүдэлчдийн соёлыг харуулсан тоглоом үйлдвэрлэдэг “Талын эзэн” ХХК-ийн нийт борлуулалтын 80 хувь нь дотоодод, 20 хувь нь гадаадад хийгдэж байна. Тус компани ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг зургаан оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм байна.

Нүүдэлчдийн ахуйг харуулсан иж бүрэн тоглоом бий болгохоор зорин ажиллаж байгаа “Наад” брэнд хурдан морины уралдааныг мэдээллийн технологитой уялдуулж сонирхолтой тоглоом болгохоор судалгааны ажил хийж байгаагаа мэдээллээ. Жуулчид монгол гэр барих аргад суралцаж, бэлэг дурсгалын байдлаар худалдан авах илүү сонирхолтой байдгийг “Талын эзэн” ХХК онцоллоо.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

2018-07-04