Монгол гэр ЮНЕСКО-д бүртгэгдсэн 23 дахь өв болох тухай

Монгол гэр ЮНЕСКО-д бүртгэгдсэн 23 дахь өв болох тухай

Дэлхий дээрх бүх өвийг байгалийн, соёлын, нийлмэл өв гэж гурав ангилдаг. Үндэстэн, угсаатан, газар нутаг, байгаль орчиндоо зохицон амьдрах арга ухаан, хэлбэр хэрэгслийн тогтолцоо болж бүтээгдсэн үнэт зүйлс нийгэм, түүх, цаг хугацааны шалгуурыг дааж өвлөгдсөнийг соёлын өв гэж ойлгох хандлага түгээмэл байна.

2013 оны 12 сарын 05- өдөр Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар  хоорондын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан болж ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад Монгол улсаас нэр дэвшсэн “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” санал нэгтэйгээр батлагдсан түүхтэй.

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ Монгол үндэстэн байгаль орчин, ахуй амьдралын өвөрмөц онцлогтоо зориулж бүтээсэн төдийгүй олон зууны туршид байгалийн шалгарлыг даван туулж ирсэн “Монгол гэр” Хүн төрөлхтний соёлын биет бус өв болж байгаад баярласнаа төлөөлөгчдөд илэрхийлэв.

Мөн тэрээр: “Бид хүн төрөлхтний өмнө хүлээж байгаа үүрэг хариуцлагаа тод ухамсарлаж, ард иргэд төр засгийн хамтын нэгдмэл санаа зорилгын хүчинд хадгалж хамгаалан явах болно” хэмээв.

Эх сурвалж: https://ich.unesco.org/en/8com