Монгол гэрийн хөлтрөг

“Хөлтрөг” хэмээх үг нь “хөлт өрх” гэсэн үгийн нийлэмжээс үүсчээ. Иймд энэ бол үнэн хэрэгтээ өрхний хөл гэж үзэж болно. 

Хөлтрөгийг хийхдээ эсгийгээр исгэн хайчилж, улаан юм уу хөх бөсөөр гадарлан тоонын гадуур хүрээлэн дээвэр дээгүүр давхар нөмөргөж, хойш урагш, зүүн баруун дөрвөн хөл гаргаж, хөлийн хоёр үзүүрээс оосор гарган гэрийн бүслүүрээс татаж чангалдаг. Хөлтрөгийн тоонотой залгадаг хэсгийг хоолой, доош унждаг хэсгийг хөл гэдэг бөгөөд үүлэн хээ, өлзий, хийморь, бадам цэцэг, луу, гарди хээгээр чимэглэн хөвөөг нь эмжсэн байдаг. 


Хөлтрөг бол монгол гэрийн нэгэн зүйлийн гадар засал чимэглэл бөгөөд голдуу язгууртан, ихэс дээдсийн өргөөг ийнхүү чимэглэдэг учир нийгмийн язгуур давхаргыг илтгэнэ. Хөлтрөгийг улаан бөсөөр бүрсэн бол “улаан халзтай гэр”, хөх бөсөөр бүрсэн бол “хөх халзтай гэр” гэж нэрлэдэг.

С.Дулам бичив. 2017.07.01
Dulam Sendenjav